УРАГШ ТҮР: Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох 10 арга
Эмэгтэйчүүд, охидын эсрэг хүчирхийлэл нь дэлхийд хамгийн өргөн тархсан хүний эрхийн зөрчил хэвээр байгаа бөгөөд 3 эмэгтэй тутмын 1 нь ямар нэгэн байдлаар хүчирхийлэлд өртсөөр байгаа тоо мэдээлэл сүүлийн арван жилийн хугацаанд огт өөрчлөгдөөгүй хэвээр л байна.
Дэлхий дахинд тохиолдож буй онцгой гэмээр нөхцөл байдал, хямрал, мөргөлдөөн нь эмэгтэйчүүд, охидын эсрэг хүчирхийллийг улам нэмэгдүүлж, эрсдэлт хүчин зүйлсийг улам хурцатгасаар байна. Мөн Уур амьсгалын өөрчлөлт нь эмэгтэйчүүд, охидын эсрэг жендэрт суурилсан бүх төрлийн хүчирхийллийг улам гааруулж байгааг цаашид ч энэ асуудалд дорвитой анхаарал хандуулахгүй бол улам дордох эрсдэлүүд бидний өмнө тулгараад байна.
Хурдацтай хөгжиж буй цахим технологи ч эмэгтэйчүүд, охидын эсрэг үйлдэгдэж буй хүчирхийллийн шинэ хэлбэрийг бий болгож байна. Үүний зэрэгцээ хүний эрхийн эсрэг хөдөлгөөнүүд, бүлэглэлүүд бий болж, ахиц гарсан хууль тогтоомжийн бодлогын ухралтууд, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө ажилладаг байгууллагууд болон эмэгтэй хүний эрх хамгаалагчдын эсрэг дайралтууд харамсалтай нь улам л эрчимжсээр байна.
Хэдий нөхцөл байдал сайнгүй нь харагдаж байгаа ч бидэнд өөрчлөх боломжууд бий. Эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй хүчирхийллийн бүх хэлбэрийг таслан зогсооход эрүүл мэнд, хууль эрх зүйн орчноос эхлээд салбар хоорондын уялдаа, хамтын ажиллагаа маш чухал. Энэ бүхнийг хийхэд мөн хүчтэй, хараат бус, бие даасан хөдөлгөөнүүдийг эрчимжүүлэх дэмжих нь чухал гэдгийг бүх цаг үеийн тоо баримт нотолсоор.
Эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй хүчирхийллийг таслан зогсооход хүн бүрийн үүрэг оролцоо чухал. Энэхүү 16 хоногийн хугацаанд дэлхийн өнцөг булан бүрд байгаа хүний эрхийн тэмцэгчид, хөдөлгөөнүүдийг дэмжиж эв нэгдлээ илэрхийлээрэй. Эв нэгдлээ илэрхийлэн хүний эрхийн зөрчлийг таслан зогсоож хувь нэмрээ оруулахад тань туслах 10 аргыг хуваалцаж байна.
1. Яриаг эхлүүл! Чанга дуугараарай.
Хүчирхийлэл асар өргөн тархсан үзэгдэл ч байж л байх ёстой зүйл биш. Бид чимээгүй өнгөрөлгүй дуу хоолойтой байснаар хүчирхийлэлгүй байж чадна. Жендэрт суурилсан хүчирхийллийг тойрсон хэвшмэл, бугшсан ойлголтууд нь хүчирхийлэл үйлдэгчийг улам л өөхшүүлж, хүчирхийлэлд өртсөн хүнийг тусламж авах үйлдлээс улам л холдуулж байдаг.
Мөн хүчирхийллийн даван туулагчдад үргэлж тантай хамт байгаа шүү гэдгийг мэдрүүлэх нь чухал бөгөөд өөрийгөө нээх, ярилцах аюулгүй орчинг бүрдүүлээрэй.
Хэрэв хаанаас эхлэхээ мэдэхгүй эргэлзэж байгаа бол #OrangeTheWorld, #16days, #PushForward хаштагуудыг ашиглан яриаг эхлүүлээрэй.
2. Хүчирхийллийн хэлбэрүүд болон илрэх хэлбэрүүдийг танихад суралцаарай
Эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй хүчирхийлэл нь бие махбодын, сэтгэл санааны хүчирхийлэл болон бэлгийн хүчирхийлэл гээд олон хэлбэрээр илэрдэг. Мөн хүчирхийлэл үйлдэгч дотны хамтрагчаас эхлээд огт танихгүй хүн ч байж болдог. Орчны хувьд ч мөн онлайнаас эхлээд бүхий л орчинд үйлдэгддэг болохоор энэ нь урт болон богино хугацаанд эмэгтэйчүүд, охидод ноцтой үр дагаврыг бий болгож нийгэм дэхь тэгш бус байдлыг улам нэмэгдүүлдэг тул бид мэдээлэлтэй байх нь хамгаас чухал.
Хүчирхийллийн олон хэлбэрүүдийн талаар доорх холбоосоор мэдээлэл аваарай.
https://www.unwomen.org/en/what-we-do/ending-violence-against-women/faqs/types-of-violence
Хэрэв таны эргэн тойронд хүчирхийлэлд өртсөн байж магадгүй гэж бодож байгаа бол түүнийг таних, хэрхэн туслаж болохоор нэмэлт мэдээллийг мөн дараах холбоосоор аваарай.
https://www.unwomen.org/en/what-we-do/ending-violence-against-women/faqs/signs-of-abuse
3. Бэлгийн дарамтыг ил тодоор буруушаа!
Охид эмэгтэйчүүд амьдралынхаа туршид дор хаяж нэг удаа бэлгийн дарамтад өртсөн байдаг гэсэн харамсалтай факт байдаг. Цахим орчин, олон нийтийн газар, ажлын байр гээд олон орчинд үйлдэгддэг энэхүү үйлдлийг буруу гэдгийг хэлж, зарлаж байх нь хамгаас чухал юм. Энэхүү буруу үйлдлийг чимээгүй орхих нь хүчихийллийн соёлыг улам бүр бэхжүүлж, эмэгтэйчүүдийг дахин дахин хохироож, хүчирхийлэгчийг ял шийтгэлгүй үлдэх соёлыг өөхшүүлсээр байдаг.
Иймд хүн бүр цахим болон бусад орчинд өрнөж буй бусдын хил хязгаарыг давж буй үйлдлийг шууд хэлж, буруу соёлын талаар нээлттэй ярилцах аюулгүй орчинг бүрдүүлээрэй.
Эмэгтэйчүүдийн эсрэг дарамт шахалт, хүчирхийллийн талаар цахим ертөнцөөр мэдээлэх нь яагаад чухал болох талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл Дижитал эрхийн төлөө тэмцэгч Марва Азелматтай хийсэн ярилцлагаас үзнэ үү:
https://www.unwomen.org/en/news-stories/feature-story/2022/11/
4. Маскулинитигийн талаарх ойлголтоо эргэн хараарай.
Хортой* маскулинити нь эмэгтэйчүүд рүү чиглэсэн хүчирхийллийг өдөөж байдаг.
Сүүлийн үеийн судалгаанууд жендерийн тэгш бус байдлыг зөв үздэг итгэл үнэмшилтэй эрэгтэйчүүдтэй дотно харьцаатай эмэгтэйчүүд илүү хүчирхийлэлд өртөж байгааг харуулж байна.
Маскулинити-н талаарх уламжлалт ойлголт нь эрэгтэй хүний түрэмгийлэл, хүч чадал бусдыг хянах зэрэг шинж чанаруудыг илүү гаргаж эсэргээрээ мэдрэмж, бусдыг ойлгох, эмзэг байдал болон бусад фемининити шинж чанаруудыг үгүйсгэсэн байдаг.
Бид эдгээр ойлголтуудыг эргэн тунгаахгүй бол, цааш хөгжихөд садаа болно. Маскулинити болон фемининити байдлын талаархи өөрийн санаа бодлоо дахин эргэцүүлж мөн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон соёл урлаг жендерийг хэрхэн дүрсэлж ирсэн талаар үзсэн зүйлээ дахин нэг эргэцүүлэн бодож үзээрэй. Та өөрийн эргэн тойронд байгаа эрчүүд болон хөвгүүдэд бусдыг халамжлах, сэтгэл хөдлөлөө чөлөөтэй илэрхийлэх мөн өөр бусад уламжлалт нон-маскулин зан чанаруудыг эзэмшхэд нь туслаарай.
*Тоxic masculinity- Эрэгтэйлэг байдлыг илэрхийлэх шинжүүд нь хүнд халтай, өөрөө өөрийгөө илэрхийлэх, амьдралаа өөрийнхөөрөө туурвих боломжийг хяхаж хавчиж буй хэм хэмжээ юм. Тухайлбал, “Эр хүн уйлдаггүй юм”, “Эр хүмүүс асуудлыг нударгаар шийддэг”, “Эр хүн гэр бүлээ нуруундаа үүрч явах үүрэгтэй”, “Эрэгтэйчүүд шалчиганах хэрэггүй” гм.
5. Эмэгтэйчүүдийн байгууллагад хандив өргөөрэй.
Эмэгтэйчүүдийг чадавхжуулдаг, тэдэнд дуу хоолойгоо илэрхийлэх талбар, орон зайг олгодог, даван туулагч эмэгтэйчүүдийг дэмждэг, жендэрийн илэрхийлэл, бэлгийн орон зай, бэлгийн чиг баримжааны олон янзат байдлыг хүлээн зөвшөөрүүлэхээр ажилладаг байгууллагуудад хандив өргө.
Монгол улсад Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Хөөрхөн зүрхнүүдийн аян, ЛГБТ төв, Гүнж төв, Хүйсийн тэгш эрхийн төв, Эрчүүд-Эрүүл гэр бүл, Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд зэрэг төрийн бус байгууллагууд жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэн ажиллаж байна.
6. Зорилгод нийцсэн хариу үйлдэл ба үйлчилгээг үзүүлэхийг шаардаарай.
Даван туулагчдад зориулсан үйлчилгээ зайлшгүй чухал. Энэ нь жендэрт суурилсан хүчирхийлэлд өртсөн хүн бүрт хүртээмжтэй хамгаалах байр, тусламжийн утас, хуулийн болон сэтгэл зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээ байх ёстой гэсэн үг. Энэ үйлчилгээнүүд ямар ч үед ч тасалдах ёсгүй. Жил бүр охид эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй хүчирхийллийг таслан зогсоох 16 хоногийн аянаар Дэлхий нийтийг тодорхой үйлдэлд уриалдаг. Энэ жилийн хувьд санхүүжилтийг бий болгох, дэлхий нийтийг хамарсан онцгой нөхцөл байдал дайн, мөргөлдөөний үед хүчирхийлэлд өртсөн хүмүүст яаралтай тусламж үзүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай төсөв болон эрх зүйн орчинг Засгийн газруудад шаардах, уриалахад чиглэж байна.
Мөн та хувь хүнийхээ хувьд хамгаалах байранд байгаа хүмүүст хувцас хандивлах, эрх зүйн зөвлөгөө, сэтгэлзүйн сургалт үйлчилгээнээс эхлээд чадах зүйлээрээ сайн дурын ажил хийх боломжтой.
7. Шаардлагатай мэдээлэл, тоо мэдээг цуглуулаарай.
Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй үр дүнтэй тэмцэхийн тулд бид асуудлыг ул суурьтайгаар ойлгох хэрэгтэй.
Шаардлагатай үнэн зөв нарийвчилсан тоо мэдээлэл цуглуулах нь даван туулагчдад зөв дэмжлэг үзүүлэх гол суурь болох юм. Мөн Жендэрийн асуудлыг тойрсон мэдээлэл, тоон үзүүлэлтүүдийг нарийвчлан авах чухал ч Засгийн газрууд төдийлөн ач холбогдол өгөхгүй хэвээр байна. Уур амьсгалын өөрчлөлт, COVID-19 болон бусад хямралаас шалтгаалан Жендэрт суурилсан хүчирхийлэл эрс нэмэгдэж байгаа энэ цаг үед энэ талын тоо мэдээллийн хэрэгцээ улам бүр нэмэгдэж байна. Хамгийн чухал нь жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх мэдээлэл цуглуулахад шаардлагатай төсөв хуваарилахыг Засгийн газраас шаардах нь чухал.
8. Хууль эрх зүйг илүү боловсронгуй болгохыг шаард!
Бидэнд дэлхийн хэмжээнд эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг цогц хуулийг бий болгоход ойролцоогоор 21 жил шаардлагатай байна.
Дэлхий дахинд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалагчдад, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө дуу хоолойгоо өргөж буй хүмүүст хүчирхийлэл, дарамт шахалт, айлган сүрдүүлэлт, ялгаварлан гадуурхалтаас урьдчилан сэргийлэн улмаар эдгээрийг арилгах хүчтэй хамгаалалтын механизм хэрэгтэй байна .
Хууль эрх зүйн орчныг бэхжүүлэх, хуулийн дутагдалтай талыг засч сайжруулахыг Засгийн газартаа уриал. Эсэргүүцлийн аянд нэгдэж эсвэл та өөрөө эхлүүлж, хууль сурталчилж буй байгууллагуудыг дэмжиж, өөрийн улсын улс төрчдийн байр суурийг олж мэдэх тал дээр анхаарч идэвхитэй иргэн байгаарай.
Өөрийн улсын эмэгтэйчүүдийн эсрэн үйлдэгдэж буй хүчирхийллийн эсрэг хууль тогтоомжуудыг эндээс үзээрэй
https://evaw-global-database.unwomen.org/en
9. Эмэгтэйчүүдийн манлайлал, оролцоог дэмжээрэй.
Шийдвэр гаргах түвшин дэхь эмэгтэйчүүдийн төлөөлөл бага байгаа нь цар тахлын үед гарсан гэр бүлийн хүчирхийлэл болон жендэрийн асуудлыг тойрсон асуудлуудад авсан Засгийн газрын хангалтгүй арга хэмжээнүүдэс харагдаж байна.
Уур амьсгалын өөрчлөлт, энх тайвныг сахиулах бусад өөр төрлийн асуудлуудад ч мөн адил эмэгтэйчүүдийн ширээний ард суух боломж байхгүй учраас дуу хоолой огт байхгүй байна. Энэ нь шийдвэр гаргах түвшин дэхь бодлого санхүүжилтийн нарийн заагийг анзаарахгүй өнгөрөх эрсдэлийг бий болгодог.
Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөлөл хангалттай байх нь хямралын үед авч буй оновчтой арга хэмжээ, энх тайвны төлөөх гэрээ хэлэлцээр зэрэгт охид эмэгтэйчүүдийн эрхийг асуудлын төвд байлгахад өндөр ач холбогдолтой байдаг. Үүний зэрэгцээ эмэгтэй удирдагчид хүчирхийлэлд өртөх эрсдэл өндөр байдаг: 5 бүс нутгийн парламентын эмэгтэй гишүүдийн 82 хувь нь бүрэн эрхийнхээ хугацаанд ямар нэгэн байдлаар сэтгэл зүйн хүчирхийлэлд өртсөн гэж мэдээлсэн байна.
Тиймээс удирдах албан тушаалд эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэхийг уриалах, шийдвэр гаргах түвшинд гарсан эмэгтэйчүүдийг дахин сонгогдох боломжийг бий болгоход олон нийтийг уриалах нь чухал. Уриалахын тулд хамгийн түрүүнд эмэгтэй нэр дэвшигчийн сонгуулийн кампанит ажилд оролцоорой. Мөн өөрөө асуудлыг гартаа авч Дэлхийг өөрчлөх эмэгтэй удирдагч болох ч боломжтой юм шүү.
10. Хамтын манлайллыг бий болгоорой.
Хамтдаа ажиллахад илүү хүчтэй байдаг. Эмэгтэйчүүд, охидын эсрэг үйлдэгдэж буй бүхий л хэлбэрийн хүчирхийлэл нь арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, ижил хүйстнээ үзэн ядах, ядуурал, уур амьсгалын өөрчлөлт, шударга бус байдал зэрэг нийгмийн бусад асуудлуудтай шууд холбогддог.
Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхийн тулд нийгэм улс төрийн бусад хөдөлгөөнд нэгдэн орох, өөрийн хөдөлгөөнд нэгдүүлэх замаар хамтран ажиллах нь чухал.
Бид хамтдаа Эмэгтэйчүүдийн эрхийн ухралтыг эсэргүүцэж, дэлхий даяарх феминист хөдөлгөөнүүдийг нэмэгдүүлэх замаар Эмэгтэйчүүд, охидын эсрэг хүчирхийллийг, бүрмөсөн зогсооход оролцож чадна.
Орчуулгын эх сурвалж: Push forward: 10 ways to end violence against women
Орчуулсан: Б.Батчимэг